Австрийн пассив барилгын туршлага
"Sinfonia" төсөл - хуучин орон сууцныг сэргээн засварлах (EnerPHit стандарт)
Sinfonia төсөл нь Европын Холбооны FP7 хөтөлбөрийн хүрээнд 2014–2020 онуудад хэрэгжсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь Neue Heimat Tirol (NHT) байгууллагын оролцоотойгоор эрчим хүчний үр ашигтай, уур амьсгалд ээлтэй барилга байгууламжийг хөгжүүлэхэд чиглэгдсэн.
Хэрэгжүүлэлт: 53,000 м² талбай бүхий хуучин орон сууцыг EnerPHit - пассив орон сууцны дулаан техникийн засварын стандартын дагуу шинэчлэн дулаалж засварласан.
Технологи: Дулаан дамжуулалтыг бууруулах зорилгоор гадна ханыг дулаалан, дулааны гүүргүй тагт, төвлөрсөн агааржуулалтын системийг суурилуулсан. Суулгасан төвлөрсөн агааржуулалтын систем нь дээвэр болон шатны хэсгээр дамжин байрласан.
Эрчим хүчний хэмнэлт: Дулааны хэрэглээний өмнөх үзүүлэлт нь 1 жилд 105 кВт.ц/м² байсан бол шинэчлэлтийн дараах үзүүлэлт нь 24 кВт.ц/м² жил болсон. Энэ нь эрчим хүчний хэрэглээг 4.4 дахин бууруулж байгаа юм.
Sinfonia төсөл нь орон сууцны эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад томоохон хувь нэмэр оруулсан. Энэ нь орчин үеийн пассив орон сууцны хөгжлийн үлгэр жишээ авахуйц шилдэг жишиг болж байна.